DATUM IN THE SPACE

Даваагийн Дорждэрэмийн 10 жилийн дараа гаргаж буй энэхүү үзэсгэлэнгийн талаар бичихийн тулд түүний анхны “өгөгдөлт” бүтээл рүү буцах хэрэгтэй. Түүнийг хувь хүнийх нь хувьд дэндүү ойроос мэднэ гэх бодол маань бичвэр бичих явцад замхарч, түүнийг илүү бүтээлчийн өнцгөөр танин мэдэхийг оролдсон цаг хугацаа болон хувирав.

Эр болон эм эсийг гараг эрхэстэй дүйцүүлж, тэд нь хоёр туйлаас мөргөлдөн, их тэсрэлтээс бодгаль үүсэн бүрэлдэх үйл явцыг бүтээлч нэгэнтээ онцгойлсон байдаг. 2006 оноос эхлэн бүтээлийн шинж төрх нь бүрэлдэж эхэлснээр “Орон зай дахь дуу хоолой” хэмээх эвэрт барималд эгэл бөөрөнхий хэлбэрээс хүний биеийг олох, хувьсан өөрчлөгдөхийн тухай өгүүлсэн. Тэрээр “Эвэрний тойрог хөдөлгөөн бүхий орон зай нь бидний оршихуйн тойрог хөдөлгөөний бэлэгдэл, тэндээс ураг мэндэлж, түүнийг тээж, түүнд дахин уусах болно” хэмээн ертөнцийн эхлэл, төгсгөлийн тухай ойлголтоо илэрхийлсэн байдаг. Бүтээлд, хүмүүс сансар огторгуйд хүлэгдэн, бид түүгээр хязгаарлагдаж бас хамааралтай оршин байх бөгөөд гадаад ертөнцийг төлөөлөх хайрцгийг (түүний дотор хүнийг илтгэх баг буй) бүтээлийн гол хэсэгт байрлуулсан. Хайрцагны хоёр талд байгаа дөрвөн эвэр хоёр, хоёроор нэгэн цул хэлбэр болж, тэндээс (охин, хүү) ураг урган гарч ирсэн байна. Ураг эхийн хэвлий дэх жижиг орон зайд байдаг ч ухамсар нь илүү том орон зайд оршдог бөгөөд хэвлийд байх есөн сарыг нэг нас хэмээдэг (хий нас) уламжлалыг шингээхийн зэрэгцээ тэрхүү хугацааг хүний нэгэн насны амьдралтай тэнцдэг байж болохыг харуулж буй. Эвэр мэт эрчлээс нь ураг бүрэлдэх цаг хугацааг илтгэхийн сацуу эхийн хэвлийгээс бидний энэ ертөнцөд ирсний дараах амьдралын үе шат, дурсамж, цаг хугацааг ч бэлгэднэ. Орон зай дахь дуу хоолой бол эхийн хэвлийг огторгуйн орон зайтай зэрэгцүүлэх бүтээлчийн дүйцүүлэл агаад ургийн дотоод бас гадаад ертөнцийн дуу хоолой ч мөн. Ийнхүү мэндлэх гэж буй хүүхдүүд (эрэгтэй-арга, эмэгтэй-билэг) зэрэгцээ орон зайд оршиж, эхийн хэвлий дахь амьдралаас бидний ертөнцөд “хөл тавих”-ын өмнөх агшин бидний өмнө биежих аж. Хүүхдүүд нүдээ анин дотогш чиглэсэн, гуравдагч мэлмий нь хагас нээлттэй бурханлаг байдлаар дүрслэгдсэн. Тэднийг өлгийдсөн мэт хэлбэр нь үнэндээ эрвээхийн авгалдайг санагдуулам хэллэгийг агуулж авгалдайгаас хүүхэлдэй рүү, хүүхэлдэйгээс эрвээхий болохоор зэхэж байгаа нь энэ. Тухайн цагт залуу бүтээлчийн үрудмын тухай хувийн мэдрэмж, байгалийн өгөгдөл-эцэг болохоо зөгнөсөн, ирээдүйн хүүхдээ төсөөлөх хайраа илэрхийлсэн бүтээл хэмээн мөн харж болох юм.

Бүтээцийн хувьд байгалийн ба нийлэг эдийг сүлсэн. Ямааны арьс, эвэр, мод зэргээр үндсэн зохиомжоо босгож, хүүхдийг хатуу нийлэг материалаар шийджээ. Эл холимог техникээс төрөл төрлийн материалын сонголтыг харж болох ч материалын олдоц хомс байдлыг орлох шаардлагаар шинэ хэллэг үүсгэн ажиллах бүтээлчийн турших, түүнээс бий болох орчин үе, уламжлалын нийлэмжийг бүрдүүлж буй хандлагыг (хэллэгийг) ажиглаж болно.

Түүний дараа “Хөрөг ярилцлага” (2009) үзэсгэлэнгийн цуврал ажлууд өвөөгийнх нь рентген зургаас эхтэй байсан. Рентген зураг (X ray) нь бидний царай төрхийн харагдах байдлыг биш түүнийг бүрдүүлдэг үндсэн ясны хэлбэр бүтцийг шалгадаг. Бүтээлч үүгээрээ “нүүр царайгүй” хөргүүдийн дотор юу байдгийг нэвт харах гэсэн мэт. Нөгөөтэйгүүр дотор, мөн чанар, хүн байхыг тодруулах ч хөргүүдийн гаднаасаа тодорхойлогдох боломжгүй байдал эсрэгээр эд зүйлсээрээ илэрхийлэгдэх хоржоонтой хамаарлыг харуулна. Эмнэлэгт ашиглагдах энгийн рентген зураг дээр дүрсийн давхцлыг үүсгэсэн гэрэлт хайрцагт эл зохиомжууд түүний туршилт дээр суурилсан медиа ажлын эхлэл юм. “Эх” бүтээлд, ногоон дарь эхийн уламжлалт дүрслэлийг гавлын яс, гарын сарвууны рентген зурагтай нэгтгэсэн байдаг. Бүтээгчийн эмэгтэй, эх хүний хайрыг хэр гүн болохыг гавал-тархи-бодол санаа сэтгэлтэй холбох сэдэл нь гарын сарвуу-хүрэлцэх мэдрэмж, хайрын хэл биеэр илрэх байдалтай сүлж өгсөн санагдана. Хүмүүсийн хандлага, мөн чанарыг сөхсөн нь “Хөрөг ярилцлага” үзэсгэлэнгийн гол зүйл байв.

Харин Д.Дорждэрэм “Дүрвэгсэд” (2011) үзэсгэлэнгээрээ “Орон зай дахь дуу хоолой”-н
эвэрт хүмүүстэй анхны өгөгдөл рүүгээ дахин өнгийжээ. Тэгэхдээ бодит амьдралын тухай хүүрнэсэн гэвэл зохино. Энэ үзэсгэлэнгийн нэрнээс язгуур өгөгдлөөсөө ч зугтах хүмүүсийн өнөөгийн хандлага эсвэл амьдралын зайлшгүй зүйлтэй нүүр тулгарахаас айн дүрвэх мэт хүмүүсийн дүр төрхийг харж болох юм. Зураг бүрт “Овоо хараа” буюу байг онох хэрээс тэмдэг бий. Эдгээр оршихуйг гаднаас нь хэн нэгэн тольдон, онилохоор зэхэж буй мэт санагдана. “Сүнс сүнстэйгээ” (2011) бүтээлд, бүргэдийн өөдөөс нүдээ аньсан өвгөний дүрслэл дээр хэрээс таарсан нь түүний амьдрал төгсөж байгааг харуулах ажээ. Бүргэд 40 нас хүрмэгц бүх хүч чадал, хумс, өд, сөдөө алддаг ба тэр хэцүү бэрх үеийг давж чадвал дахин 40 насалдаг тухай тэр нэг удаа ярьж байсан юм. Түүний бүтээлийн хандлагад ургийн амьдрал, төрсний дараах амьдрал хоёрыг эн тэнцүү авч үзэх ойлголт шингэхийн хажуугаар бүргэдийн амьдралд тохиох хоёр мөчлөг хүний амьдралтай төстэй байгааг, хүний “40 наснаас амьдрал эхэлдэг” гэх хандлагыг хөнджээ.

Монголчуудын уламжлалт сэтгэлгээг бүтээлдээ төлөвшүүлэх бүтээлчийн хүмүүжилд эмэг эх, өвөөгийн үлгэр домог, оньсого, ардын аман зохиол ярьж өгдөг байсан нь үүнийг өдөөсөн гэлтэй. “Байгаль өөрөө хүчирхэг. Хүчирхэг болохоор туульслаг. Энэ бүхний тухай бодол “Огт+Оргүй” гэсэн үгтэй өөрийн эрхгүй холбоно. Үүнийг “Магадгүй бүхний учрыг тайлахаас илүү өөрийн сэтгэлгээн дэх хүчирхэг гоо сайхныг мэдрэх, бүтээх нь миний үүрэг” хэмээн бүтээлч оршихуйгаа тодорхойлон хэлснээс харж болно. Удаах “Огт+Оргүй” (2013) хэмээн нэрлэгдсэн үзэсгэлэндээ баримлын гурвал бүтээл, эсгий гурвал бүтээл, видео ажлыг үзүүлсэн. Зураач Г.Мөнхболор уг үзэсгэлэнгийн тухай бичвэрт, “Эдгээр баримлаар бүтээлч өөрийн хайрыг илэрхийлэх, тэдэнтэй харилцах харилцаагаараа дамжуулан өөрийгөө таних, мөн харуулах боломжийг өөрөө өөртөө шударгаар олгосон мэт” хэмээн хувь хүний өнцгөөс тайлсан байдаг. Хэлбэр, эрчлээсээр бодгалийн оюун сэтгэлгээ, амьдралын ухаан, нас, туршлага зэргийг гурван өөр түвшнээсхаруулсан. Эдгээр бүтээлд хувь хүний дотоод чанарыг товойлгохын зэрэгцээ байгаллиг элемент, туульслаг хэллэг өмнөхийн адил агуулагдах ч урьдах үзэсгэлэнгийн олон дүрээс гурван дүрд хураагдсан нь санамсаргүй биш юм. Зөөлөн хэлбэрээс хүчирхэг илэрхийллийг багтааж, нууцлаг, сүнслэг төрхийг бидэнд нээн харуулсан нь хоёр хэмжээсээс биет хэмжээс рүү шилжсэнтэй магад холбоотой. Дүрүүд цаг хугацааны өнгөрсөн, одоо, ирээдүйг тус бүр хүүрнэхдээ нэг бүхэл болж, амьдралын магад хамгийн чухал мөчүүдийг илтгэжээ. Төрөх мөчөө соргог боловч зовнин хүлээх энхрий эмэгтэй, төгсгөлөө зөнгөөрөө мэдэрч, сүр жавхлантайгаар тольдон угтах эмгэн, амьдрахын тэсвэр тэвчээр, тэмцлийг үзүүлэх эсгийнд ороогдон, хүлүүлсэн хижээл эр цөм амьдралын үнэн мөн чанарын симбол дүрүүд юм.

Оршихуй нь зөвхөн амьдралаар хязгаарлагдахгүй гэдгийг бүтээлүүдийн дотогш чиглэсэн нууцлаг, төв төрхүүд үзүүлэх бөгөөд үүнээс ч чинагш ертөнц буй мэдрэмжийг өгдөг. Учир нь амар амгалан боловч шаналал тээсэн өгүүлэлд амьдралын утга учрын талаар эрхгүй бодогдуулах холбоос бий. Тэрхүү холбоосоор бидний тэр бүр төсөөлөхгүй дам ертөнцийг оюун бодолд бүтээх үүргийг бүтээлүүд давхар бүтээлцсээр байх ажээ. Дорждэрэмийн нийгэмд өгч буй зүйл нь оршихуйн үнэн бөгөөд цэвэр тунгалаг байдлын тухай тунхаглах агаад мартагдахаар зэхсэн язгуур зүйлс, харилцан шүтэлцлийн талаарх эргэцүүлэл, далд эмзэглэл нь тэрхүү санагалзал тээсэн төрхүүдээр илэрдэг санагдана. Түүний бүтээлүүдийг Hyperrealism, Surrealism гэж харж болох ч угтаа уран бүтээлчийн мэдрэмжид түүнээс чанагш уламжлалыг шингээсэн ТУУЛЬСЛАГ, ДУУЛАЛТ шинж, нөгөө талд эмзэг, нандин чанар сүлэлдэн байдаг.

“ХҮН, БАЙГАЛЬ, ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ” (2014-) хөдөлгөөнд зориулсан он жилүүд Д.Дорждэрэмийн хувьд орчин үеийн урлагийн өөр төрлүүдээр (холимог техник, өрөг урлаг, видео, саунд, фото) туршсан, бусад бүтээлчидтэй хамтын бүтээлүүд хийсэн бас нэг шинэ үе байв. 2014 оноос хойш 13 удаагийн үзэсгэлэнгээрээ “ХҮН, БАЙГАЛЬ, ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ” бүлгэм нь Монголын орчин үеийн урлагийг шинэ түвшинд ойлгоход өөрийн үүргийг гүйцэтгэснийг дурдахгүй өнгөрч боломгүй. Өөр өөрийн арга барил, хэллэгтэй залуусын нэгдэл тухайн үед бие даасан хандлагаас илүү хамтын бүтээлч байдал бас чухал байж болохыг тунхаглаж байв.

“PARALELL” (2020) нь цар тахлын үеэр зургаан сарын турш үргэлжилсэн тэдний хамтарсан үзэсгэлэн. Энд түүний нэлээд хэдэн холимог техникийн болон баримлын шинэ ажил тавигдсан нь Д.Дорждэрэмийн хувьд хамтралаас хувийн бүтээлч хандлага руу дахин зугуухан шилжсэн үе хэмээн хэлж болно. Дэлгэгдэх үеэрээ хийсээр байсан, үзэсгэлэн дуусахад ч тохиолдлоор үйлдсээр байсан том нүүр бүхий хүүхдийн бүтээл нь угтаа бидний төрөлх мөн чанарыг ахин сануулах үйл явц байлаа. Хоёр ертөнцийн зааг дээр бодгалийн мэндлэсний дараах агшинг харуулж, хүүхдийг гуравдагч мэлмийгүй дүрсэлсэн цагаас алхам алхамаар амьдралд ойртох хүүхдийн дүр үзэсгэлэнгийн орон зайд урт хугацаанд дүр төрхөө бүтээж байв. Энэ үйлдэл бүтээлийн агуулгыг гүйцээгээд зогсохгүй бүтээл процесс хооронд материас хэлбэрийг олж, хэлбэрээс агуулгад хувирч жинхэнээр амьдарч эхэлсэн санагдана.

Одоо ч “дуусгал”-аа хүлээх хоёр бүтээлийн нэг нь энэхүү ажил. Харин нөгөө нь Огт+Оргүй (2013) үзэсгэлэнд дэлгэгдсэн ч дахин үргэлжлэн хийсээр байгаа хэвлий дэх үрээ хүлээх эмэгтэйн дүр “Хайр ба Байгаль” (2013-) юм. Бүтээгчийн аливааг хурдаар хэмждэггүй, өөрийнх нь санасан төгс хэлбэрт хүрэх хүртэл нь хийсээр байдаг онцлогийг эндээс харж болно.“Бүтээл маань хэзээ нэгэн цагт дуусах л байх, гэхдээ бүтээх явцад надад үлдэх зүйл нь чухал. Баримал хийхэд яг ингэж эхлээд тэгж дуусгана хэмээн бодох биш, зүйтогтлууд нь зөвөөр тайлагдах үед өөрөө дуусна” гэж тайлбарлах түүний бодлоос хэлбэр дүрслэл рүү шилжих, биет байдал хоёр хоорондоо эвсэхэд цаг хугацаа шаардагддаг аж. Түүний “Барьж мэдрээгүй зүйлийг биет байдал руу шилжүүлэхэд нэгэн шинэ түвшин бий болдог” гэснээс нь үүнийг ойлгон, ухаарч болно. Үүнийг дурдсаны учир “дуусгал”-аа хүлээх бүтээлүүд нь энэхүү үзэсгэлэнгийн нэг хэсэг байх учиртай байж.

Гараг ертөнц үүссэн шиг басхүү мөхдөг тэрхүү тэсрэлт хооронд гэрэлтэх хугацааг туулах хүний оршихуй, оноогдсон богино үйл явцыг бүтээлч онцгойлсноороо төсөөлөл мэдрэмж, итгэл үнэмшил дахь төрөл авах ертөнцийн хууль, жаягаас гадна эл оршихуйн үнэ цэнийг үзэсгэлэндээ тодотгожээ. Хүний амьдрахын эхлэл болон төгсөх үйл явцыг бүтээлдээ шингээж, оршихуйн өгөгдсөн цаг хугацаа, өгөгдсөн зүйлсийн тухай түүнийг туулах, мэдрэх, илэрхийлэх бүтээгчийн эрмэлзэл нэгэн мөчлөг өнгөрөхөд хувирсангүй.

Хоёр хэмжээст боловч хагас товгор бүхий шинэ барилаар хэлэмжээ нэгтгэсэн холимог техникийн бүтээл, өрөг-орон зайн бүтээл, биет хэмжээст хийгээд дуу авианы нийлэмж бүхий эргэлзээгүй бас шийдэмгий ажлууд энэ үзэсгэлэнгийн төрх. Хүүхдийн дүртэй баримлаас эвэр толгойт (бие давхар) эмэгтэй, тас хар огторгуйгаас холограм, гэрэл ойлгосон өнгөт огторгуйлаг мэдрэмжээс зэсэн хийгээд баялаг өнгийн орчлон, сүүн боловч
зөөлөн товгор хэлбэрт бүтээл рүү сүлэлдэх мэдрэмж “ОРОН ЗАЙ ДАХЬ ДУУ ХООЛОЙ” хэмээсэн анхны өгөгдөл бүтээлээс “ОРОН ЗАЙ ДАХЬ ӨГӨГДӨЛ” хэмээх (найм дахь бие даасан) үзэсгэлэнгээ тэр үргэлжлүүлэн нээлээ.

“ОРОН ЗАЙ ДАХЬ ӨГӨГДӨЛ” бол бидний ямар нэгэн зүйлд зориулагдсан болох, зориулагдахаар ирсний учир...

Ж.Анунаран
2023.03.09